Monday, March 10, 2014

Монгол хэлний охь үг хэллэгийн сан


 

 


Монгол хэлний охь үг хэллэгийн сан
Аа

Алирхай
“Өглөө нь хэвтэрийн хэвээр ногооны алирхай орхин хоёул дөрөө харшуулан хатируулахад үүлний хормойг нар сөхөж, ногооны үнэр анхилсан салхи Дагиймаагийн зангидсан алчуурын хоёр үзүүрээр тоглох мэт дэрвүүлнэ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

Амхрах
“Бүсгүй хүний гарын агаад гэрийн хоол амхраагүй удсан Тангад харц нь гүлгэрч Сэрсмааг ширтсэнээ хэн нэгэн түүнээс булаачих юм шиг өлбөлзөн шөлөө уугаад магнайн хөлсөө алгаараа шувтрав.”, “Бүрэнхийд ямар нэгэн юмнаас дутаах мэт бүдчин яваа Чойдор олзны сэжүүр амхарсан ч миний муу байшингийн шалны дор газрыг орвонгоор нь эргүүлж, зовлогоо зодоод хоосон хоцрохоо хэрхэн мэдэх билээ.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

Бб

барван
“Тэр бүү хэл Тангадыг тэврэхэд өнөөх цагаан хүүхэн нуруу хотойсхийн барвангаараа түлхэсхийж аяглаж эрхлэх нь адтай.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

бөөмсүү
“Би гэдэг буруу номтон бөөмсүү зангүй атал харин одоо ямар нэгэн далдын хүчний эрхшээлд мөлхөн буй ажаам.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Гг

Гойгорох
“Би гойгорон босч сайхи боодлыг задалваас цагаан даавууны өөдсөнд барласан ямар нэгэн бурханы дүр, мөн завилган боосон утлага байсанд галд хийж орхив.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Жж

жалирах
“Тогооныхоо бариулаас ялгагдахгүй эм хүн эрийн тэнгэр гутаадаг, тэгээд ч нөхөр нь өлөн нүдлээд ойр хавийн охид хүүхнүүдийн хормой хот сэвээд жалирч гүйцдэг дээ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

жүдүү
Би түүний согогтойг нь мэдэх тул жүдүүгий нь дэвэргэхээс төвөгшөөж хар цагаан дуу гарсангүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Зз

зусар эцэг
“Базар хэмээх багийн даргаар овоглосон нь зусар буюу хулгар эцгийн алин болохыг хэн ч үл мэднэ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”,

Лл
Ладаргадуу
“Гомбодорж бол ладаргадуу агаад гутлынхаа шагайнд нударганы омог шүргэж явдаг учир нударга хочтой болсон гэдэг юм.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

Луучин
“Том том мөнгөн товчтой торгон дээл, шагай зулаг угалзтай эр хар сураар ногтолсон луучин гутал ган дөрөөнд өшиглөн арван цагаантай боржигон эмээл тохож, ясан тольтой хулсан ташуур барьсан Дэмбээ бид хоёр шиг гоё ганган хүмүүс орчлонд үгүй мэт.” Б.Догмид, “Томоогүй нас”

Мм

Мааршах
“Ширүүн орсон тарвага хурдан гардаг, бялхайж хэвтсээр шургасан бол элэг маарштал хэвтүүлдэг юм гэнэлээ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

Магшаан
“Гэндэн бол яргайдуу махлаг, чац магшаан, хөмсөг сэртэн, нүд жартгар боловч тэрүүхэндээ эвтэйхэн зохицсон хэвлүүхэн эр.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

Нн

Оо

омойтол
“Бархасын өөдөөс сарвайдаг аминаасаа уйдсан хүн олдохгүй гэж би түүний омойтлыг хөөргөв.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Оюуны сөв
“Бархас нам бус, бас тушаал асаргүйн тул намын талаас хяналт тавих онц шаардлагагүй гэж би бодсон тул долоон булчирхайг нь тоолоогүй, бусад номонд оюуны сөв нь хэр онгойсныг би мэдэхгүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”,

Нн

Нонж
“Энэ муу бэр маань ядуу айлын нонж охин.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Сс

Салдирхалах
“Тэгээд яах вэ гэж эрээвэр хураавар бодолд ээрэгдэн хөлөө зөөж ядан хаашаа ч юм бэ салдирхалав.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд

сөглөө
“Хулчгар хүн сүнсэндээ хүртэл сөглөө байдаг ажээ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

сэтгэл цөлших
“Ерөөс хүн үхлийн өмнө эрүүл саруулын омогшил, үзэл бодлын мугуйдал, маргаашийн шалдар горьдол мэтээс ангижирч сэтгэл цөлшихүйд оюуны хохь хоосон зайг бурхан хойд насны мухар сүсгээр цатган өөрийгөө дэмий мэхлэхийг оролддог буй за.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
сээрдүү
“Раднаа бол энэ нутгийн шавь захын анжгай Дамба хэмээгчийн том хүү. Тэрбээр ганагар нуруутай, бие хаа сайхантай, давхраагүй хонин бор нүдтэй, сэргэлэн, агаад сээрдүү зантай нэгэн.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Үү

Үхлийн зайц
“Өнөөдөр харин үхлийн зайц эрж буй миний босгыг алхсны учрыг битүүхэн тандавч олсонгүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Хх

Хиргэлтэх
“Сумын төвийн хойт хадат толгойд хар шувууд баарцаглаж, үс нь хиргэлтсэн тарган ноход өөх шиншилээд үл тооно.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

Хөөг татах
“Халамцаж догдолсон сэтгэлийн салхинд Цэцээ гүний оргил цэнхэр хөөг татан дайвалзана.” Б.Догмид, “Гоолингоо буюу зүрхний нулимс”

Хулгай нүд
“Бид хоёр айраг ууж суухдаа түүний хөдөлгөөн бүрийг аяганыхаа ирмэг дээгүүр хулгайн нүдээр дагуулан харж суулаа.” Б.Догмид, “Томоогүй нас”

Хярдуу
“Тэрбээр ерөөс ахлах захлахыг мэддэггүй, хүн бүхнийг чи гэдэг хярдуу зантай.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Хяхуу
“Тэр хяхуугаа айлын охины бөгсөөр улс төртэй хутган шургуулж, намайг далд хийх хор зуурч элбэг чадна…” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

Хээмсүү
“Харин сүрхий сэжигч хээмсүү, бохир идээнээс цэрвэх тул доовтрынд ирэх хүн ааруул өрөм бяслагаа аль болохоор цэвэр хүүдийд хийнэ.” Д.Пүрэвдорж, “Азархал”

Цц

Цоомойлох
Цагаан морин жилийн булгианд харуулдан унахдаа, тархи нь суга үсэрсэн гавлынхаа хөндийд нялзуур төдий үлдсэн хөх эсийг цоомойлох гэж би ядаж байна.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Чч

чавцах
“Цэдэн өглөө оройн саам, балга айргаа ганзагалж яваад хэдэн янчаан олж ирдэг тул тэднийх идэх уухаар чавцахгүй.”, Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

чойг
“Нагаржунай гээч болж байгаа гээ биздээ, үсээ хусуулж, батлахныхаа оронд чойг өвөртлөх юм байлгүй дээ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

шивхрэх
“Унааширч шивхэрсэн морьд амгай зуузай шаргиулан гоо ганган толгойгоо хаялан жолоо дугтран галигуулна.” Б.Догмид, “Томоогүй нас”

шушмаа
“Урдын цагаан хятадууд монгол хэлэнд молхийн учир хүний хэлснийг эс ухааран “шүо шүмаа” буюу юу гэнээ? гэж эргүүлэн шалгаадаг аснаас манайхан хазгай хэлтнийг ийнхүү шушмаа хэмээн хочлох болсон юм гэнэлээ.” Д.Пүрэвдорж, “Уцаарлал бичээс”

шуурах
“Тэрбээр … орноосоо сугаран дасгалрхуу юм оромдож байхдаа биеэ ажваас гуя шуу нь шуурасхийж үл ялиг харвигнасан нь зуны цэлдэн хөх тураал атархуу асанд цочисхийж, өөрийнхөө идэр насыг гээж буйдаа гонсойв.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

http://iregedui.wordpress.com/category

No comments:

Post a Comment