Эх хэл, үсэг бичгээ эрхэмлэн, засаг
төрийнхөө бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон үздэг байсан манай
өвөг дээдэс утга зохиолын хэлний хэм хэмжээг төгөлдөр боловсронгуй
болгох талаар шаргуу ажиллаж, олон талтай, арвин их өв бүтээснийг манай
хэл шинжлэлийн түүх бэлхнээ гэрчлэн харуулна. Энэ нь нэг талаар эх хэл
маань монгол үндэстний нэгдмэл мөн чанар, хэв шинж, бусдаас ялгарах
давтагдашгүй онцлогийг харуулдагтай, мөн аль ч нийгмийн үед эх хэл маань
соёл боловсрол, нийгэм түүхийн хөгжлийг хурдасгах хүчирхэг хэрэглүүр
байсаар ирсэнтэй шууд холбоотой юм. Нөгөөтэйгүүр төрийн засаглалыг
хэлний засаглалтай нягт уялдуулан анхаарч ирсний гэрч юм.
Монгол хэлний хөгжлийн харьцангуй эртний
үед хамаарагдах табгачи нар эх хэлээ “Төрийн хэл” хэмээн зарлаж “…1000
гаруй шинэ үсгийг зохион соёрхоод буулгасан зарлиг...” /Лувсандэндэв А.
2002, х.38/ -ийн тухай түүхэн мэдээ, Их Монгол улсын үед эзэн богд
Чингис хаан “…уйгаржин бичгийг ноёд түшмэддээ зааж сургаж…” /Монголын
түүх. 2003, х.346/, “…Шихихутагийг шийтгээд цагаан цаасан дээр хөх
бичгээр бичиж дэвтэрлэснийг… хэн ч бүү өөрчилтүгэй” /Дамдинсүрэн Ц.
1990, х.180/ хэмээсэн зарлиг, “Их Юан улсын үед Хувилай хаан Пагва
ламтнаар дөрвөлжин үсэг зохиолгон, улсын бичиг болгох тухай гаргасан
зарлиг” /Надмид Ж. 2005, х.73/, бүр хожим ардын засгийн үед нийтийг
бичигтэн болгох их үйлстэй холбогдуулан “Хичээл билгээ дайчилж, хэл
бичгээ хөгжүүлье” гэсэн дайчин уриаг хэрэгжүүлсэн зэрэг нь дээр хэлсэн
үгийг минь батлах биз ээ!
Монгол улсын Шинжлэх ухааны ууган
байгууллага болох Судар бичгийн хүрээлэнг байгуулсан үед монгол хэлний
нийгмийн үүрэг ихэд дээшлэн өргөжсөнтэй холбогдуулан нийт иргэдийн эх
хэлний боловсролыг дээшлүүлэх зорилтыг эрдэм шинжилгээний байгууллага
эрхлэн, энэ талаар шат дараалсан ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүний нэг
томоохон амжилт нь академич Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан шинэ бичгийн
дүрэм байв. Тухайн үеийн нам засгаас авч хэрэгжүүлсэн олон талын
эрчимтэй арга хэмжээний үрээр түүхэн богино хугацаанд, манай улсын нийт
иргэд бичиг үсэгтэн болоход уг шинэ бичиг, түүний дүрэм шийдвэрлэх нөлөө
үзүүлсэн юм. Үүнийг нь монголын соёлын түүхэнд гарсан томоохон амжилт
хэмээн ЮНЕСКО өндөр үнэлж, 1970 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд нэрт
сурган хүмүүжүүлэгч Н.К.Крупскаягийн нэрэмжит шагнал олгосон билээ. Бүх
нийтийг бичигтэн болгосон энэ туршлага олон улсын хэмжээнд
<<монголын гайхамшиг>> нэрээр түгэн, манай улсын
санаачлагаар “Бичигтэн болох НҮБ-ийн 10 жил” (2003-2012 он) болж байна.
Даяаршлын зуун гэж бүх нийтээр нэрлэж
буй шинэ эринд үндэстнүүд улам бүр ойртон нийтлэг шинжтэй болох хандлага
илэрхий давамгайлахын сацуу, улс орон бүр өөрийн онцлог шинжээ
дархлаажуулан, дангаарших хандлагатай байна.
Мэдлэгт суурилсан нийгэмд улс орны
өрсөлдөх чадварыг тодорхойлох хүчин зүйл нь өндөр мэргэшилтэй боловсон
хүчин боллоо. Бүс нутгийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагаа, үүнийг дагаад хүний нөөцийн нэгдсэн бодлого явуулах шаардлага
улам хурцаар тавигдаж байна. Үүнтэй уялдаад цөөнхийн хэл даяарших явцад
сарнин, одоо байгаа хэлнүүдийн зөвхөн 10 хувь нь аюулгүйн бүсэд багтана
гэж зарим судлаачид үзэж байна. Мөн эрдэмтдийн тооцоолсноор дэлхий дээр
одоо гурван мянга шахуу хэл байгаа боловч дэлхийн бүх хүн амын наян
хувь нь болох таван тэрбум хүн ердөө гучаадхан хэлээр ярилцаж байна.
Гэвч үндэстэн, ястан бүхэн өөрийн өнгө төрхтэй, соёл сэтгэлгээтэй,
түүнийгээ бэхжүүлэн баталгаажуулж үеэс үед дамжуулдаг хэл нь ч бас
өвөрмөц онцлогтой байж, улмаар нийт хүн төрөлхтний эдийн болон оюуны
соёлыг бүрдүүлж байдаг гэх боловч, цар хүрээгээ эрчимтэй тэлж байгаа
даяаршлын олон хүчин зүйлээс шалтгаалж зарим хэл уусан сарних үзэгдэл
газар авч байна. Гэвч “хүний хэл соёл, арьсны олон янз болсон нь бас
хувиран өөрчлөгдсөний үнэт өв болох тул нэг ч соёл хэлийг үлдээлгүй
хайрлан хөгжүүлэх хэрэгтэй. ...олон хэл соёлыг ...зэрэг хөгжүүлэх зорилт
тавих нь байгаль нийгмийн хуулинд илүү тохирч олон хэлтэн соёлтон
хамтран ажиллах бололцоо гарч ирнэ. ...Бага үндэстний хэлийг хөгжүүлэх
нь тэр үндэстний соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх явдал болно... Аж
үйлдвэрийг хөгжүүлэхэд орон нутгийн бололцоог сайн ашиглах хэрэгтэй
гэдэгтэй адил нийт хүн төрөлхтний хэл соёлыг хөгжүүлэхэд нутаг нутгийн
хэл соёлыг бас нэг адил хөгжүүлэх хэрэгтэй байна /Лувсанвандан Ш. УБ.,
2005, х.242-243/. Иймээс “...үндэс язгуур, хэл соёлоо үрийн үрд өвлөн
бадраая” гэсэн Монгол улсынхаа Төрийн дууллын үгийг хичээнгүйлэн санаж,
эх хэлнийхээ үнэ цэнийг жинхэнэ ёсоор ухаарч, хэл соёлынхоо дархлааг
бэхжүүлэн, харилцааны шалгарсан хэрэглүүр болсон <<зэвсгээ>>
соёлтой, чадварлаг эзэмших, эзэмшүүлэх асуудал нь юуны өмнө манай
төрийн бодлого, түүний хамт манай орны иргэн бүрийн эрхэм дээд үүрэг
болон дахин хурцаар тавигдаж байна.
Монгол оронд ардчилсан ёс, хүний эрхийг
дээдлэх болсон 1990-ээд оноос эх хэлний засаглал нь эрх зүйн
зохицуулалтаар шийдвэрлэгдэх боллоо. Тухайлбал, “Монгол улсын үндсэн
хууль”-ийн 8-р зүйлийн 1-д: “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”
гэж заасан бол “Төрийн албан ёсны хэлний тухай” хуульд: “Энэ хуулийн
зорилт нь төрийн албан ёсны хэл болох монгол хэлний хэм хэмжээ, нэр
томьёог төрийн албан хэрэг хөтлөх, төрийн албан ёсны бүх үйл ажиллагаанд
хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах болон Монгол улсын нэгдмэл
байдлыг хангахад оршино” гэж тодорхойлоод, түүний үйлчлэх хүрээг Монгол
улсын төрийн албан хэрэг хөтлөлт, төрийн албан ёсны үйл ажиллагаа,
сургалтын чиглэлээр тогтоожээ. “Соёлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах
тухай” хуульд эх хэл, бичиг үсгээ сурах, сургах, өвлөх, өвлүүлэх,
хөгжүүлэх, элдэв халдлагаас сэрэмжлэн хамгаалах талаар тодорхой заалт
орсон байна. “Боловсролын стандарт”-ыг “Монгол улсын боловсролын тухай”
шинэчилсэн хуульд оруулан баталгаажуулав. Эдгээр эрх зүйн зохицуулалтын
агуулгаас үзвэл хэлний талаар баримтлах төрийн бодлого нь эх хэлний
статус, хэрэглээний хүрээ, утга зохиолын хэлний хэм хэмжээ, хэлний
боловсрол эзэмшүүлэх, мөн хэлний төлөвлөлт, хэлийг хамгаалах тухай цогц
асуудлыг агуулсан бөгөөд энэ нь үндэстний утга зохиолын хэл бол манай
үеийн монгол хэлний олон хэлбэрийн нэгдмэл тогтолцоо болдогтой шууд
уялдаатай юм.
Энэхүү өгүүлэлд бид эх хэлний талаар төрөөс баримтлах зарим гол асуудлыг хөндөн авч үзэхийг зорьсон болно.
No comments:
Post a Comment